Самбалхүндэвийн оршуулгын газрыг хэсэгчлэн чөлөөлөх ажил үргэлжилнэ
Тус оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд хаагдсан хэдий ч иргэд 2000-аад оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар ирсэн ба нийт 73,9 га талбайтай байна.
Самбалхүндэвийн буюу нийслэлийн иргэдийн нэрлэж заншсанаар 70 давхрын оршуулгын газрыг үе шаттайгаар чөлөөлж, Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэр 2021 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.
2021-2024 онд тус оршуулгын газрын 10 га талбайг хэсэгчлэн чөлөөлж, 14,323 шарилыг нүүлгэн шилжүүлж чандарлан шинээр байгуулсан Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнгийн суварга болон хөрсөнд буцаан залсан байдаг.
Нийслэлийн зүгээс 2025 онд төслийн 2 дахь шатыг 1 га талбай дээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нээлттэй тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулжээ.
Товлосон талбай дахь булш, бунхны тооллогын дүнг www.sambalkhundev.mn нээлттэй цахим мэдээллийн санд байршуулсан байна.
Иймд тухайн байршилд бурхан болооч нь байгаа ар гэрийнхэн дээрх цахим сангаас хайлт хийж, талийгаачийнхаа шарилыг таньж баталгаажуулах боломжтойгоос гадна 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 7 сарын 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны танилцуул 29-р цонх болон Улаанбаатар буян компанийн байранд ирж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Дээрх хугацаанд ар гэр нь холбоо тогтоогоогүй тохиолдолд холбогдох зан үйлийг гүйцэтгэн чандаллаж, чандрыг Самбалхүндэв оршуулгын газар дахь Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд байрлах нийтийн Суваргад залах юм байна.